Saturday, July 7, 2007

Намтарын цадиг

Эцэг эхийн сэтгэлийн үрээр
Эргэх хорвоод хүмүүн болоод
Эр биеийг олон төрөөд
Энэхэн замбуутивд заяагдсан билээ, би.

Түмэн зүлийг таньж мэдэхгүй ч
Төрүүлсэн хоёроо бүхнээс ялгагч
Ээжийн эзгүйд эрүү тулгагч
Эсгий тоглоомт нярай нас.

Эртээ урьдын цагт гэж эхэлдэг нь
Энэ монголын маань үлгэр домог
Амар сайхан жаргалаа гэхэд
Аль хэдийн дунхайчихсан балчир нас.

Тэнгэрийг шүтэх эрхэм ёс
Тэрнийг дагах ямар хэцүү
Бусдыг элэглэх алиа зан
Бултаар миний танхил нас аа.

Хорвоо дэлхийг танин мэдэхэд
Хоног өдрийг товчлон нисэхэд
Хорьдугаар зуун пикчриссийн бүтээлүүд
Холливуудын кинонууд үнэндээ тусалсаан.

Ертөнцийг үзэх унаган үзэл
Ердийн нэгэн нууцын онисого
Тэнгэрийн цаадах тэнгэр бөгөөд
Тэднийг төсөөлөх уран зөгнөл.

Зүггүй захгүй хошгирч явсан
Зөндөө мөчүүдээр ухаан тэлээд
Зарчимч байх энэхэн бүүдгэр
Заагдмал ч юм шиг ухамсар суусаан.

Бүдэг бадаг орчлонг танихад
Бүрэнхий шөнийн саранд хууртах
Бүхэл шөнийн болзооны мөрөөдөл
Багагүй нэмэрлэснийг би үгүйсгэхгүй ээ.

Ихийг мэдэх эрхэм хүсэл
Элдвийг чадах дараах хүсэл
Бусдыг дагуулах удаах хүсэл
Булт цөм миний мөрөөдөл өө.

Тэнгэрийн цаана тэнгэр байдгийг
Тэмтэрч мэдэх алтан боломжийг
Тэрүүхэн тэр нэгхэн хоромд
Тэмдэггүй орхисон аймшигт мөч.

Маргаашнаас би залуу болно
Магад энэ нь хүний тавилан
Мартагдашгүй дурсамжийн томруун дүрслэл
Миний томоогүй өлчир нас аа.

Дээдийн дээд номын хуудсыг
Дэлгэн суусан хонгорхон мөчүүд
Дэврүүн хүслээр урам өвөртөлж
Дэвшин судласан оюутан нас аа.

Хоног хугацааг хоромоор хэмжиж
Хоёрыг хоёроор биш дөрвөөр төсөөлж
Харанхуй шөнийн аниргүйг мэдсэн
Хагацахад бэрх богинохон хугацаа.

Бүтээхийн тухайд судлах
Бусдыг хайрлах хүндлэх
Сайныг дагуулах нь хэцүүд
Саарыг дагах нь хялбарханд.

Сурах зүйлүүд хэдий их вэ
Судлах хугацаа ямар бага вэ
Цаг намайг хүлээдэггүйг
Цаашаа улам холддогийг анзаарсан.

Хийхийн эхэнд бодох
Бодохын эхэнд мэдэх
Мэдэхийн тулгуур хичээх
Хичээхийн тулгуур тэвчээр.

Болох болохгүйг ялгах
Богинохон эгзэгтэй агшин
Хормын төдийд ирдгийг
Хожмын замдаа мартахгүй ээ.

Сэтгэл хөдлөл

Өнөөдөр бямба гариг. Өглөө ажилдаа явах гэж нойроо дийлж ядан боссонгүй. Ханаталаа унтаж ч чадсангүй. Урьд шөнө хөдөөнөөс хүмүүс ирээд, өглөө бас утас хангинаад дутуу нойртой л хонолоо. Өчигдөр ажил дээрээ нилээн орой болтол суусан болохоор хариад унтах гэсээр унтлагын цагаасаа хоцорлоо. Энэ мэтчлэн дутуу нойртой мэт санагдана. Өнөөдөр ажлаа жаахан ахиулах санаатай ирсэн маань хийж байгаа төслөө хугацаанаас нь хоцруулаад энэ хоцролт улам уртассаар байгаад сэтгэл зовсных.
Энэ долоо хоног хэвийн л болоод өнгөрлөө. Хийж байгаа ажил маань дорвитой ахьсангүйд өөрийгөө буруутгах, бас өнгөрснийг буруутгах.

Хэл сураагүйн тулд хүчин мөхөстсөн ялагдагч
Хэзээ ялахаа мэдэхгүй ч тэмцсээр яваа дайчин
Байтал үл бүтэх бартаат их ажил
Буцаж цуцахыг мэдэхгүй бүтэлгүйт нэгэн бардамнал

Шантрал цөхрөл хэдийд хөлийн улыг гижигдэнэ
Санаа зүтгэл сэтгэл цаг ямагт мөлхүүлнэ
Бүтэх үгүйг мэдэхгүйч бүтээхийн төлөөх тэмцэл
Бүхэл шөнөжин мөрөөдөх амрагийн сэтгэлээр урамшина

Гайтай их мөрөөдөл галын дөлөөс ч илчтэй
Голдирлоо дийлэн цутгах үерийн уснаас ч
эрчтэй
Дэлслэх янаг амрагийн тэмүүлэх хүслээс ч хүчтэй
Дэндүү ихийг санаархах шуналын сэтгэл ханашгүй еэ.

Энэ мөрөөдлийн цоморлогоо яаж биелүүлэх вэ таминь
Эцэг өвгөдийн үгийг чигээ болгон зүтгэнэ ээ
Эзэн хичээвэл заяа хичээдгийн тухайд
Ийм нэгэн үгийг хэлэхийн даруйд шүтнэм зэ.



Monday, July 2, 2007

Оройн татлага

Өнөөдөр блог хөтлөж байгаа эхний өдөр. Өнөөдөр хэвийн л ачаалалтай өдөр байлаа. Нэгдэх өдөр болохоор даргадаа ажлынхаа тайлангаа бичээд төлөвлөсөн ажилдаа орсон. Хариуцсан төсөл маань хугацаанаасаа хоцорч байгаа болохоор жаахан сууж ажиллах хэрэгтэй байна. Өнөөдөр блог эхэлсэний учир нь өнөөдөр бол энэ сарын ажлын эхний өдөр, мөн 7 хоногийн эхний өдөр. Өнгөрсөн 7 хоногийн эхээр дээд сургууль төгсч мэргэжлийн дипломоо авсны дараах ажлын шинэ 7 хоног болохоор өнөөдөр шинэ бүхнээр цэнэглэгдсэн өдөр мэт санагдлаа. Энэ блогдоо би өдөр бүрийнхээ хийсэн бүтээсэн, эвдэлж хэмхэлсэн бүхнээ өчиж байх болно. Энэ нь хожим туулж өнгөрүүлсэн амьдралаа эргэж харахад илүү тод болгох гэж, мөн өдрийг хийсэн бүтээсэн зүйлгүйгээр өнгөрүүлэхгүй байх гэсэн зорилгод тулгуурлана аа гэж.

Sunday, July 1, 2007

Эхний өчлөг

Сайн байна уу? Энэхүү блогоо нээх болсны шалтгаан маань өөрийгөө хөгжүүлэхийг хүссэнд билээ. Өөрийгөө хөгжүүлэхэд блог бичих нь ямар ач холбогдолтойг мэдэхгүйч миний бодлоор үр дүн өгнө гэж найднам.