Saturday, July 7, 2007

Намтарын цадиг

Эцэг эхийн сэтгэлийн үрээр
Эргэх хорвоод хүмүүн болоод
Эр биеийг олон төрөөд
Энэхэн замбуутивд заяагдсан билээ, би.

Түмэн зүлийг таньж мэдэхгүй ч
Төрүүлсэн хоёроо бүхнээс ялгагч
Ээжийн эзгүйд эрүү тулгагч
Эсгий тоглоомт нярай нас.

Эртээ урьдын цагт гэж эхэлдэг нь
Энэ монголын маань үлгэр домог
Амар сайхан жаргалаа гэхэд
Аль хэдийн дунхайчихсан балчир нас.

Тэнгэрийг шүтэх эрхэм ёс
Тэрнийг дагах ямар хэцүү
Бусдыг элэглэх алиа зан
Бултаар миний танхил нас аа.

Хорвоо дэлхийг танин мэдэхэд
Хоног өдрийг товчлон нисэхэд
Хорьдугаар зуун пикчриссийн бүтээлүүд
Холливуудын кинонууд үнэндээ тусалсаан.

Ертөнцийг үзэх унаган үзэл
Ердийн нэгэн нууцын онисого
Тэнгэрийн цаадах тэнгэр бөгөөд
Тэднийг төсөөлөх уран зөгнөл.

Зүггүй захгүй хошгирч явсан
Зөндөө мөчүүдээр ухаан тэлээд
Зарчимч байх энэхэн бүүдгэр
Заагдмал ч юм шиг ухамсар суусаан.

Бүдэг бадаг орчлонг танихад
Бүрэнхий шөнийн саранд хууртах
Бүхэл шөнийн болзооны мөрөөдөл
Багагүй нэмэрлэснийг би үгүйсгэхгүй ээ.

Ихийг мэдэх эрхэм хүсэл
Элдвийг чадах дараах хүсэл
Бусдыг дагуулах удаах хүсэл
Булт цөм миний мөрөөдөл өө.

Тэнгэрийн цаана тэнгэр байдгийг
Тэмтэрч мэдэх алтан боломжийг
Тэрүүхэн тэр нэгхэн хоромд
Тэмдэггүй орхисон аймшигт мөч.

Маргаашнаас би залуу болно
Магад энэ нь хүний тавилан
Мартагдашгүй дурсамжийн томруун дүрслэл
Миний томоогүй өлчир нас аа.

Дээдийн дээд номын хуудсыг
Дэлгэн суусан хонгорхон мөчүүд
Дэврүүн хүслээр урам өвөртөлж
Дэвшин судласан оюутан нас аа.

Хоног хугацааг хоромоор хэмжиж
Хоёрыг хоёроор биш дөрвөөр төсөөлж
Харанхуй шөнийн аниргүйг мэдсэн
Хагацахад бэрх богинохон хугацаа.

Бүтээхийн тухайд судлах
Бусдыг хайрлах хүндлэх
Сайныг дагуулах нь хэцүүд
Саарыг дагах нь хялбарханд.

Сурах зүйлүүд хэдий их вэ
Судлах хугацаа ямар бага вэ
Цаг намайг хүлээдэггүйг
Цаашаа улам холддогийг анзаарсан.

Хийхийн эхэнд бодох
Бодохын эхэнд мэдэх
Мэдэхийн тулгуур хичээх
Хичээхийн тулгуур тэвчээр.

Болох болохгүйг ялгах
Богинохон эгзэгтэй агшин
Хормын төдийд ирдгийг
Хожмын замдаа мартахгүй ээ.

No comments: